Урьд насандаа учраагүй хосын шүлэг


Гурван зууны тэртээх гунихын завгүй насаа
Гуйгаад уйлаад ирээгүй эмзэгхэн хувь заяагаа
Цав цагаахан сар шиг хайрлахдаа л хайрлана
Цаг хугацааны хаанаас ч олохдоо л олно

Үлгэр төгсөх нь гуниг эхлэх агшинд зурагдсан
Үйлтэй хорвоогийн данснаас тавилангаа хасмаар санагдана
Үүлсийн дүрээр төөргөө зурах миний хүсэлд
Үл мартахын хараал мэт гунигт дурсамж шингээстэй

Өнгөрснийг одоод авчран ирээдүйг зөгнөх зүүд
Өнөөдрийг маргаашаас холдуулсан гунигт бодлууд
Дахин дахин давтагдах аймшигт тэр хагацал
Дараа төрөлд минь ч дахиад үргэлжлэнэ

Гүнж номин тэнгэрийн дор гүн хөх тэнгисийн дээр
Хагацлын сүүдэрт дайруулсан эмзэгхэн хайр минь
Хар дарсан зүүд мэт энэ амьдралын нугачаанд
Харах нүднээ холдон зүүдний алсад төөрнө

Мянга мянган шөнийн тэртээд зочилоход
Миний зүүдний бяцхан ертөнц амилан
Аяс аясын салхиар дурсамжаа дамжуулж
Амьдралын хүрдийг ирээдүй рүү эргүүлнэ

Өнгөрсөн үеийн хүлээлт өнөөдөрт үргэлжилж
Өглөө үдэш орой зөвхөн түүнийгээ л хүлээж
Хүлээсэн өдрүүдийн гуниглалын тоогоор
Хүсэл мөрөөдөл минь хүлээстэй байлаа

Үүлс нүүж бороо арилтал чамайгаа хүлээнэ

Comments