Ү.Гэрсэн
Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2017 оны Бүх оддын тоглолт Нью Орлеан хотод гурван өдрийн турш зохион боллоо. Монголын цагаар өнөө өглөө болсон Зүүн, Баруун бүсийн оддын тоглолтод 182-192 харьцаатайгаар Баруун бүс ялалт байгуулснаар Бүх оддын тоглолт албан ёсоор өндөрлөлөө. Энэ оны Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор талбайн эзэн багийн супер од Энтони Дэвис 52 оноо, 10 самбараас бөмбөг авалт хийсэн үзүүлэлтээр бүх тоглогчдыг манлайлан шалгарлаа.
Гурван хоногийн турш үргэлжилдэг Бүх оддын тоглолт сагсан бөмбөг сонирхогчдын баяр наадам, одод чуулсан шоу арга хэмжээ мөн хэдий ч нөгөө талаар багуудын менежерүүд биечлэн уулзаж солилцоо наймааг ярьж тохиролцох аятай нөхцлийг бүрдүүлдэг. Тэр хэрээр Бүх оддын тоглолтын дараагаар олны төсөөлөөгүй шилжилт хөдөлгөөн солилцоо наймаа болдог нь ном гэлтэй. Энэ жил ч мөн ялгаагүй үзэгчдийг гайхшруулсан том солилцоо амжилттай хийгдэж Сакрамэнто Кингс багийн лидер, “муу залуу” ДеМаркус Казинс буурь сэлгэж Нью Орлеан Пеликанс багт нэгдэхээр боллоо. Нутагтаа зохиогдсон Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор шалгарсан Энтони Дэвисийн амжилтыг баг нь мялаан инйхүү том бэлэг барилаа гэж хэлж ч болох юм.
Ингэснээр NBA-гийн өнөө цагийн хамгийн хүчирхэг самбарын тоглогчид болох Энтони Дэвис, ДеМаркус Казинс нар ижил өмсгөлтэйгөөр хүчин зүтгэх боллоо. Сүүлийн дөрвөн улирал дараалж +20 оноо, +10 самбар дунджилж буй эд залуу хоёр одын хослолыг аль хэдийнэ домогт “Ихэр цамхаг”-ууд болох Адмирал Дэвид Робинсон, Тим Данкан нартай харьцуулаад эхэлжээ. Энтони Дэвис, ДеМаркус Казинс нар хоёулаа Кэнтакигийн их сургуулиас драфтлагдаж байсан бөгөөд Пеликансийн дараагийн хийх алхам энэ зун Chris Paul-ыг эргүүлэн авч ирж магадгүй гэнэ.
ДеМаркус Казинсыг Пеликанс өөртөө нэгтгэхийн тулд Buddy Hield, Tyreke Evans, Langston Galloway нарын тоглогчдоос гадна нэг болон хоёрдугаар тойргийн драфтын хоёр эрхийг Кингст өгчээ.
Comments
Post a Comment